Амазон энэ долоо хоногоос эхлэн 10,000 ажилтнаа халахаар төлөвлөж байна 

Технологи-360

Amazon.com Inc компани энэ долоо хоногоос эхлэн 10,000 орчим ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна гэж Даваа гарагт эх сурвалж мэдэгджээ. Өмнө нь Нью-Йорк Таймс сонинд мэдээлж байснаар цомхотгол нь Амазон компанийн нийт ажилтнуудын 3 орчим хувийг эзэлнэ гэж дурдсан.

Цахим худалдааны платформ нь дуу хоолойгоор удирддаг "Алекса" хэрэгсэл болон гэрийн хамгаалалтын камер үйлдвэрлэдэг төхөөрөмжийн байгууллагын  ажлын байруудыг цомтхотгохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү цомхотголын шалтгааныг Amazon болон бусад компаниудад тулгарч байгаа тодорхойгүй макро эдийн засгийн орчинтой холбон тайлбарлажээ. Өнгөрсөн долоо хоногт Facebook-ийн толгой Meta Platforms Inc зардлаа бууруулахын тулд нийт ажиллах хүчнийхээ 13% буюу 11,000 гаруй ажлын байрыг цомхотгохоо мэдэгдсэн юм. Сиэтлд төвтэй Амазон нь амралтын улиралд ихэвчлэн ашигтай байдаг ч энэ удаа борлуулалтын өсөлт удааширна гэж таамаглаж байна. 

Санхүүгийн захирал Брайан Олсавски ярихдаа, дэлгүүр хэсэх өрхийн төсөв чангарсан нь өндөр инфляци, эрчим хүчний зардал өссөнтэй холбоотой гэжээ.

Мөн Амазоны төхөөрөмжийн салбар нэгж сүүлийн жилүүдэд 5 тэрбум гаруй долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн байна.Зарим хэрэглэгчид дуут туслахыг ердөө цөөхөн зорилгоор ашиглаж байгаа учраас Alexa-ийг цаашид хөгжүүлэх тал дээр дахин бодохоор болсон гэж компани тайландаа дүгнэжээ. Үүнээс гадна Амазоны хувьцаа энэ жил 40 гаруй хувиар унаж даваа гарагийн үдээс хойшхи байдлаар 1.1%-иар буурч 99.67 доллар болжээ.