Канадын Оттава хотод ковидын дүрэм журмын эсрэг жагсаалтай холбоотойгоор онцгой байдал тогтоолоо

Ковид-19 /дэлхий/

Канадын Оттава хотын эрх баригчид ковидын дүрэм журмыг эсэргүүцсэн олны жагсаал намжихгүй байгаагаас шалтгаалан онцгой байдал тогтоох шийдвэр гаргажээ.

Цар тахлын дэгдэлт, түүнтэй холбоотой авсан арга хэмжээг эсэргүүцэн Канадын энэ хотод алсын тээврийн жолооч нар сүүлийн хоёр долоо хоногийн туршид жагсаал цуглаан өрнүүлсэн юм. 

Оттава хотын амбан захирагч ковидын эсрэг жагсаал цуглаан, нөхцөл байдал хяналтаас гарсан гэж үзэн онцгой байдал тогтоох шийдвэр гаргажээ. Өнөөдөр ч Оттава хотын гол авто замуудыг том оврын машинууд хаасан хэвээр байна. Хотын цагдаагийн албаны дарга Питер Слолигийн мэдэгдсэнээр алсын тээврийн жолооч нарын жагсаалд энгийн иргэд мөн нэгджээ. Улмаар Оттавад өрнөсөн иргэдийн жагсаал цуглаанд 5 мянга гаруй хүн нэгдсэн байна. Жагсагчид Холбооны болон бүс нутгийн эрх баригчдаасаа цар тахалтай холбоотой хязгаарлалтын журмаа цуцлахыг шаардаж байгаа юм.