ЕХ-ны улс орнуудад цар тахлын шинэ давалгаа дэгдэж болзошгүй байна

Ковид-19 /дэлхий/

ЕХ-ны улс орнууд цар тахлын шинэ давалгаанд бэлдэж байна. Европын орнуудад коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэн, Энэтхэгийн Дельта хувилбараас гадна Бета хувилбар газар авч, цар тахлаар өвчлөгсдийн нас залуужиж байна. Хэрвээ цар тахлын нөхцөл байдал цаашид ийнхүү хүндэрсээр байвал 4 дэх давалгаа дэгдэж, дахин онцгой байдал тогтооход хүрч болзошгүй байна.

Францад хүн амаа цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулахын тулд мэдээллийн кампанит ажил өрнүүлж, эрсдэлтэй бүлгийн 600-аад мянган иргэнээ ойрын хугацаанд дархлаажуулалтад хамруулах зорилго тавиад байна. Цар тахлын халдвараар өвчлөгсдийн нас залуужиж, 30-аас доош насныхан өртөж байгаад эмч мэргэжилтнүүд санаа зовинож байна. Түүнчлэн вакцинд хийлгээгүй хүмүүсийн дунд өвчлөл нэмэгджээ. Францын зарим дүүрэгт цар тахлын халдварын улмаас гадагшаа гарахдаа заавал амны хаалт зүүх журмыг дахин нэвтрүүлж байна.

Итали улс ч мөн адил цар тахлын үеийн журмаа чангатгаж, 4 дэх давалгаа дэгдэхээс сэрэмжлэн болгоомжилж байна. Италид энэ улсын 12-оос дээш насны иргэдийн 56% нь вакцинд хамрагдаад байгаа юм. Түүнчлэн Австри улс цар тахлын дэгдэлт дахин нэмэгдэж байгаагаас Испани, Кипр, Нидерланд зэрэг улс орноос ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байна.