Япон Улсын гүнж асан Мако язгуур хэргэмээсээ татгалзсаны дараа Нью-Йоркт ирлээ

Үйл явдал

Япон Улсын гүнж Мако эзэн хааны ордныг орхин явж нөхөр Кэй Комуротойгаа АНУ-д ирлээ.

Коллежийн найзууд байсан хос өнгөрсөн сард хуримласан, Ням гарагийн өглөө Америкт шилжин амьдрахаар Токио олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлжээ. Тэд Комурогийн ажилладаг хуулийн фирм байрладаг орон сууцанд байр түрээслэх гэнэ.

Японы хуулиар хааны угсааны гэр бүлээс эмэгтэй гишүүн нь хэрэв жирийн иргэнтэй гэрлэвэл язгуур хэргэмээсээ татгалздаг журамтай юм байна.

Хосыг цагдаа болон нисэх онгоцны буудлын аюулгүй албаныхан чанга хамгаалтан дор дагалдан гаргасан байна. Тэдний хажуугаар үйл явдлыг гэрчлэхээр 100 гаруй сэтгүүлч цугларсан байсан, гэхдээ хос ямар ч асуултад хариулаагүй.

Тэднийг олон нийт Их Британийн хунтайж Харри, Меган Маркле нартай адилтган "Японы Харри, Меган" гэж нэрлэдэг байна. 

Хос анх 4 жилийн өмнө сүй тавьснаа мэдэгдсний дараа нэлээн эсэргүүцэлтэй тулгарч тэдний харилцаа нь хэвлэл мэдээлэл, олон нийтийнхний анхааралд орсон юм. Энэ байдал нь гүнжийн хувьд сэтгэл зүйн стресст оруулсан гэж хааны ордныхон мэдээлж байсан.

Хос өнгөрсөн сар хааны ордны уламжлалт гэрлэлтийн ёс жаягийг алгасан хуримлаж, мөн хааны угсааны эмэгтэйчүүд ордноос явахад өгдөг мөнгөн тэтгэмжээс хүртэл татгалзсан.

Эзэн хаан Нарухитогийн ач охин, гүнж асан Мако нь  хааны зэрэг дэв, мөнгөн тэтгэмж аль алинаас нь татгалзсан анхны эмэгтэй болж байгаа юм. 

Эх сурвалж: BBC