Спорт

Ирэх 2020 онд Япон улсад болох Олимпийн наадмын марафон гүйлтийн тэмцээнийг Токио хотноо биш харин Саппоро хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаарх шийдвэрийг Токиогийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооноос гаргасан байна. 

Токиогийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо болон Олон улсын хөнгөн атлетикийн спортын холбоо хамтран Токио-2020 Олимпийн наадмын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах асуудлаар хуралдсан байна. Токиогийн Олимпийн наадам 2020 оны 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний хооронд үргэлжлэх юм. Энэ үеэр Японы нийслэл хотод ид халууны улирал үргэлжилдэг учраас марафон гүйлтийг тэмцээнийг Японы хойд хэсгийн Саппоро хотод шилжүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Саппоро хот Токиог бодвол цаг агаар сэрүүн учраас марафон гүйлтийн тэмцээнийг энэ хотод явуулахаар тогтжээ. Марафон гүйлтийн тэмцээнийг Саппоро хотын Одори цэцэрлэгт хүрээлэнд явуулахаар болсон байна. Энд өмнө нь олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж байсан учраас энэ газар тохирно гэж үзсэн байна. Токио-2020 Олимпийн наадмын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээн уралдаан ирэх оны 8-р сарын 6-9-ний хооронд болох юм.