МАЛЧИН: Хил зөрчигчид заставын яг хамар доогуур нь гараад явсан байсан

Эрх зүй

Оросын талаас хил зөрчигч нарыг олоход хэцүү, бид  нисдэг тэргээр нисч өгье гэжээ.

2021 оны 09-р сарын 26-27-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг “Үнэгтийн ам” гэдэг газар намаржиж байсан малчдын аргамжааны зургаан морийг улсын хил давуулан авч явжээ.

Одоогоор хил зөрчигчид  хилийн аль хэсгээр  орж ирсэн нь одоо болтол тогтоогдоогүй байна. Харин гарч явсан ул мөр нь үлджээ.

Одоо үзэгч та бүхэнд хил зөрчигчид улсын хилээр хэрхэн гарч явсныг тодорхой үзүүлье. Энд харагдаж байгаа айлуудын аргамжаатай морьдыг аваад хилийн застав байрлаж байгаа газраас 300 орчим метрийн зайтай өнгөрчээ. Заставаас хойш 4 км орчим яваад хилийн торыг тасдан гарсан байгаа юм.

Орос, Монголын хилчид хилийн тор тасалсан хэсгийг шалгаад хоёр морьтой хүн явсан гэж үзжээ.

Нутгийн малчдын хэлж байгаагаар хилийн цэргийн анги, улсын хил хариуцсан застав хилийн хяналт муу байсан гэж ярьж байна.

Мөн тухайн хилийн зөрчил гарах үеэр заставын ихэнхи ажилчид ангийн даргын тушаалаар хилийн заставын байран дээрээ аж ахуйн ажил хийж байсан гэж ярилаа.

Сүүлийн 7-8 жил хил дамнасан малын хулгайгүй тайван байсан энэ нутагт гэнэт хил дамнасан хулгай гарсанд нутгийн малчид түгшүүртэй байна.

Учир нь хилийн заставын яг хамар доогуур нь гараад аргамжааны морь явж байгаа юм чинь, одоо бидний адууг нь азаргаар хөөхийг ч үгүйсгэхгүй гэж байлаа.

Хилийн зөрчил гарсан даруйд ОХУ-ын Тува Улсын Кызыл талаас нисдэг тэрэгтэй хүмүүс ирж, мөр хүлээлцээд, ОХУ-ын тал дээрхи хилийн зөрчлийг зөвшөөрч, хил зөрчигчийг олох тал дээр хамтран ажиллахаар болжээ.

Гэхдээ ОХУ-ын талаас ирсэн албаны хүмүүс хил зөрчигчийг олоход хэцүү гэдгийг дуулгажээ. Харин хулгайн хэргийг дахин гаргуулахгүйн тулд  хэрэг гарсан нутаг дэвсгэрийн дээгүүр  нисдэг тэргээр нисч гэмт хэрэгтнүүдэд анхааруулга өгье гэдэг тайлбарыг хэлээд буцсан байна.

Бид дээрхи хилийн зөрчлийн асуудлаар хариуцсан хилийн застав болон Хилийн цэргийн 0277-р ангийн удирдлагуудаас тайлбар авах гэсэн  боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Гэхдээ тэдний аман тайлбараар 2021 оны 1-р ээлжийн цэрэг татлага орон нутагт зохион байгуулагдаагүй.

Хилийн зөрчил гарах үеэр ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу хилчид аж ахуйн ажил хийж байсан.

Тийм учраас хилийн цэргийн зарим анги нэгтгэлүүд цэрэг хил манахад дутагдалтай байгаа гэлээ. Ийм тайлбарыг ч орон нутгийн иргэдэд цэргийн ангиас өгчээ.

Хилчдийн үндсэн ажил бол улсын дархан хамгаалах, гэвч энэ үүрэг нь зарим газар алдагдсан байгааг дээрхи үйл явдлаас харж болно.