“БЭЭЖИН-2022” паралимпийн наадмын нээлтийн ёслол боллоо

Спорт

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Өвлийн 13 дахь удаагийн Паралимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо.

Паралимпийн Өвлийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж, ирэх 10 өдрийн туршид үргэлжлэх спортын тэмцээн уралдаан албан ёсоор эхэллээ.  

Хятадын нийслэл Бээжин хотноо 3-р сарын 4-нөөс 13-ны хооронд Өвлийн Паралимпийн наадам үргэлжлэх юм. 

13 дахь удаагийн Паралимпийн наадамд манай улсаас цанын спортын төрөлд 3 тамирчин оролцож байна. Паралимпийн өвлийн наадамд дэлхийн 49 улс орны баг тамирчид оролцож, Орос болон Беларусийн тамирчдыг хассан юм. Нийтдээ Паралимпийн наадамд 650-иад тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьж байгаа юм. 80 мянган хүний суудалтай Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болсон “Бээжин-2022 Паралимпийн наадам”-ын нээлтийн ёслолын ажиллагааг Хятадын найруулагч Жан Имоу найруулжээ. Тэрээр “Бээжин-2008” зуны Олимп, Паралимпийн наадмын нээлт, хаалтын ёслол, мөн түүнчлэн “Бээжин-2022” Өвлийн Олимп, Паралимпийн нээлт хаалтын үйл ажиллагааг найрууллаа. 

“Бээжин-2022” Паралимпийн наадмын нээлтийн ёслолд БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин болон Олон улсын Паралимпийн Холбооны тэргүүн Эндрю Парсонс нар оролцож, хүн төрөлхтөнийг спортоор нэгдэн, эв найрамдалтай байхад уриалжээ. 

Бээжин хотноо 10 хоногийн хугацаанд үргэлжлэх Өвлийн Паралимпийн наадмын үеэр нийтдээ 78 багц медалийн төлөө биатлон, уулын цанын спорт, кёрлинг, цана, сноуборд болон слеж-хоккей гэсэн спортын 6 төрөлд баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.