Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

Нийгэм

Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог.

Нөгөөтэйгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил.

Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа.

Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой.

Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа гэсэн юм.