ОХУ-ын эсрэг олон улсын хориг тэлсээр байна

Улс төр

Дэлхийн улс орнууд ОХУ, Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолж, цэргийн ажиллагаа явуулж байгааг эрс шүүмжлэн буруутгаж байгаа юм. ЕХ-ны зөвлөл шуурхай хуралдаан хийж, Оросын эдийн засагт хүндхэн цохилт өгч, Москваг халдан довтлолтоо зогсоохыг шаардаж байна.

ЕХ, Украин руу халдан довтолсны хариуд ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын эсрэг чиглэсэн хориг авч, тэдний хөрөнгийг царцаахын зэрэгцээ, тэдний нэрийг ЕХ-ны хар жагсаалтад багтаасан байна. Түүнчлэн ОХУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлах шийдвэр гаргажээ. ЕХ-ны зүгээс түүнчлэн долоо хоногийн эхээр Украины зүүн бүсийн Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг дэмжсэн Оросын Төрийн Думын 351 хууль тогтоогч, гишүүдийг хоригийн жагсаалтад оруулсан. Мөн Оросын банк санхүүгийн байгууллагын 70%, төрийн мэдлийн компаниуд хоригт ороод байна. ЕХ, Оросын нефть байгалийн хийн салбар, агаарын тээвэр, тээвэр ложистик, мэдээлэл технологи, сансрын салбарыг хоригт багтааж, Оросын иргэдэд виз олгохыг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн Оросын төрийн эрх мэдэлтнүүдээс гадна батлан хамгаалах яам, сөрөг тагнуулын алба, ерөнхийлөгчийн засаг захиргаа, томоохон компаниуд хоригт багтаж байна. ЕХ-ны зүгээс ОХУ-ын эсрэг 3 дахь удаагийн багц хориг арга хэмжээ авч, энэ удаад санхүүгийн, эрчим хүчний, зам тээврийн, технологийн салбарыг бүхэлд нь хамарсан хамгийн хатуу арга хэмжээ болж байгаа юм.

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен:

-Ерөнхийлөгч Путин Европ тивд дайн тулаан авчирлаа. Украин улс руу халдан довтолсноор Европ тивийн аюулгүй байдлыг эвдлээ гэсэн байна. Францын ерөнхийлөгч ОХУ-ын талтай энхийн яриа хэлэлцээр явуулах боломжийг нээлттэй үлдээхэд уриалжээ. Тэрээр бид хэдийгээр Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч байгаа ч мөн хэрвээ бидний тавьж байгаа шаардлагыг хүлээн авч биелүүлбэл эргээд яриа хэлэлцээр хийх арга замыг ч мөн нээлттэй үлдээх нь зүйтэй

гэжээ.

Япон улс мөн Оросын Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны эсрэг хориг тавьж байна. Японы засгийн газар Оросын банкуудын хөрөнгийг царцаах шийдвэр гаргаж, Внешэкономбанк, Промсвязьбанк болон Россия банкуудын хөрөнгийг битүүмжлэхээр тогтжээ. Түүнчлэн Япон улс Оросын иргэдэд олгох визний журмыг чангалж, хагас дамжуулагч зэрэг бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлахаар шийдвэрлэжээ.