Зелинский: Бид энхтайвнаар зэрэгцэн оршиж хямралаа эв зүйгээр шийдэхийг хүсч байсан

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын тал улсынх нь газар нутаг руу халдан довтолсонтой холбоотойгоор улс орондоо онцгой байдал тогтоон, байлдааны бэлэн байдал зарласан. Украины төрийн тэргүүний гаргасан тушаалаар энэ улсын 18-60 насны бүх эрчүүдийг цэрэг татлагын бэлэн байдалд байхыг үүрэгдэж, улс орноо орхин гарахыг нь хязгаарлажээ. 

Оросын талын “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлээд байгаа Украины нутаг дэвсгэрт халдан довтолсон цохилт дайралтын улмаас Зеленскийн мэдээлснээр сүүлийн нэг хоногт Украины 137 иргэн амиа алдсаны дотор цэргийн 10 офицер байгаа юм. Түүнчлэн 316 хүн шархаджээ.

Украины тэргүүний мэдэгдсэнээр хамгийн их хохирол Змеиный арлыг хамгаалагчид амсчээ. Тэдэнд эх орноо баатарлагаар хамгаалсных нь төлөө Украины баатар цол нэхэн олгохоор шийдвэрлэсэн байна. Змеиный арал нь Румын улстай хил залгаа байрлах Хар далайд байрлах арал юм.

Оросын Батлан хамгаалахын яам Украины нутагт өгч байгаа цэргийн цохилт дайралт зөвхөн цэргийн объектууд, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний эсрэг хийгдэж байгаа, энгийн иргэдийн эсрэг, хот суурин газруудын эсрэг ажиллагаа хийгдээгүй гэж мэдэгдэж байсан юм.

Оросын Батлан хамгаалах яамны албаны төлөөлөгч Игорь Конашенковын мэдэгдсэнээр Оросын агаарын хүчний дайралтын дүнд Украины 83 цэргийн объект ашиглалтаас гарчээ. Украины агаарын хүчин Оросын дайралтын эсрэг сөрөн зогсч нийслэл Киев хотоос 35 км зайтай байрлах “Гостомель” нисэх буудлаа хяналтандаа эргүүлэн авчээ.

Украины ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ:

-Бид дайн тулааны арга замыг сонгоогүй, Украин эцсээ хүртэл Оростой дайтахыг хүсээгүй, бид энхтайвнаар зэрэгцэн оршиж хямралаа эв зүйгээр шийдэхийг хүсч байсан

эжээ.