Нийгэм

Монголын зэвсэгт хүчин эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр мянга гаруй цэргийн алба хаагч төмөр зам, автозамын ажилд гар бие оролцож байна. Тэд мэдлэг туршлага хуримтлуулахаас гадна цалин орлоготой болоод халагдах юм. Цэргүүдийн ажиллаж буй Таван толгой Зүүн баян чиглэлийн төмөр замын ажил 67 хувийн гүйцэтгэлтэй урагшилж байна.

Сүүлийн жилүүдэд төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллага, цэргийн алба хаагчид гүйцэтгэх болсон. Цэргүүдийн хийж бүтээсэн ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд барилга инженерийн цэрэг байгуулахаар зорин ажиллаж байна.

Барилга инженерийн цэргийг бий болгосноор тайван цагт улс орныхоо бүтээн байгуулалтад оролцдог нэг цогц бүрэлдэхүүн бий болж байгаа юм. Мөн цаашлаад бүтээн байгуулалтад ажиллаж буй цэргүүдийн амьжиргааны түвшин дээшилж, нэмэлт орлоготой болох боломжтой болж байгаа юм.

Барилга инженерийн цэргийг байгуулснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах зэрэг өндөр ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байна.