Нийгэм

1958 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй урт цагааны барилгыг нурааж оронд нь шинэ төлөвлөлт хийхээр хотын удирдлагууд шийдсэн. Улаанбаатар хотын төвд орших энэ газрыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг саналыг иргэдээс авч эхэллээ. Мөн урт цагаан төвийг өөрчлөх зураг төслийн уралдаан зарласан байна. Ингэхдээ түүх соёл шингээсэн, олон талт үйл ажиллагаа явуулах боломжтой, оффисын зориулалттай байх шаардлагыг тавьжээ.

Аливаа улс орон жуулчдад зориулсан гудамжаа өнгө үзэмж сайтай байлгахад анхаардаг. Манай улсын тухайд нийслэлийн төв цэгт жуулчны нэрт ганц гудамж байгаа ч 10 гаруй байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүй акт тогтоогдсон урт цагааны барилга нийслэлийн өнгө үзэмжид ч сөрөг нөлөө үзүүлж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Улмаар урт цагааныг шинэчлэх хотын даргын шийдвэр түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулаад байсан ч талууд тохиролцож барилгыг шинэчлэх ажлыг шуурхайлж эхлэсэн байна.

Урт цагаанд м2-ыг нь 40-50 мянган төгрөгөөр дам түрээслэж байсан иргэдийг 15-16 мянган төгрөгийн түрээстэй ажлын байраар хангаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар урт цагаан төв цахилгаан болон ус, дулааны хангамж байхгүй холбогдох гэрээгээ цуцласан байдалтай байгаа гэлээ. Харин барилгыг хэрхэн шинэчлэх, ногоон байгууламжийг хэрхэн зохион байгуулах зураг төслийн хуралдааныг нийслэлээс зарлаж байна.

30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны гол зорилго жуулчны гудамж гэх үндсэн агуулгаа хадгалах хэрэгтэйг хэллээ.

Уралдааныг 4-р сарын 20-ны өдрөөс 5-р сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Нийслэлийн төв цэгт 1.8 га талбайд байрлах олон нийтийн төвийг хэрхэн байгуулах зураг төслийг хүлээж авснаас хойш иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна. Нийт таван шалгуур үзүүлэлтээр дүгнэхээр болжээ.