6 магнитудын хүчтэй газар хөдлөлийн чичирхийлэл их, зарим барилга, байгууламжид эвдрэл үүсгэх боломжтой

Нийгэм

Өчигдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн урагш 46 км-ийн зайд байрлах Бадрал багийн Зөөлөн гэх газар 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ч зэргэлдээх  малчин айл өрхөд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна. Газар хөдлөлийн хүчтэй чичирхийлэл намжсан ч бага хэмжээний чичирхийлэл 100 гаруй бүртгэгдээд байгааг Одон геофизикийн хүрээлэнгээс мэдэгдлээ. 

Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Зөөлөн гэх газар бол малчин өрх нутагладаггүй, зэлүүд газар. Энэ газарт газар хөдлөлийн голомт бүртгэгдэж төхөөрмжид ирсэн хүч нь 6 магнитуд. Харин энэ нь иргэдэд 5 баллын хүчээр мэдрэгддэг болохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Тухайн бүс нутагт амьдардаг ард иргэдийн мэдээлж байгаагаар газар хөдлөлийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн гэж байна. 

Өчигдөр 23:04 цагт болсон газар хөдлөлийн чичирхийлэл өдөр 13 цагийн орчимд 100 гаруй удаагийн тохиолдол бүртгэгдээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 6 магнитудын хүчтэй газар хөдлөл хүмүүст хүчтэй мэдрэгдэхээс гадна байшин барилгад эвдрэл гэмтэл ч үүсгэж болно гэдгийг онцоллоо. 

Он гарсаар 3,886 удаагийн газар хөдлөл бүртгэгдээд байна. Харин өнгөрсөн онд 137 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгдснээс 98 мянга нь зөвхөн Хөвсгөл аймгийн Ханх суманд байгааг албаныхан хэлж байна.

Одоо ч Ханх суманд их бага хэмжээгээр газар хөдлөлийн чичирхийлэл явагдсаар байгааг албаныхан хэлж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөл нэмэгдэж байгааг судлаачид газар хөдлөлийн идэвхтэй бүс нутагт багтдагтай холбон тайлбарлаж байна.