ПУТИН: Казахстанд үүрэг хүлээж байгаа энхийг сахиулагчдын ажиллагаа түр зуурынх

Улс төр

Казахстаны ерөнхийлөг Касым Жомарт Токаев улс орондоо болсон жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлыг “төрийн эргэлт хийхийг санаархсан үйлдэл” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Казахстаны ерөнхийлөгч улс орондоо дэгдсэн үймээн самууныг газар авхуулалгүй дарахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад албан ёсоор хандан тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Энэ дагуу олон улсын энхийг сахиулах хүчин Казахстанд орж байрласан юм. 

Казахстанд үүссэн дотоодын хямрал хүчирхийллийг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын 2022 оны 1-р сарын 6-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу Казахстан дахь нөхцөл байдлыг тогтворжуулах, хэвийн болгох зорилгоор энхийг сахиулах хүчний илгээсэн байна.

Казахстан руу эхний ээлжинд Оросын агаарын десантын хүчний цэргүүдийг илгээж, тэд Казахстан дахь төрийн болон цэргийн объектуудыг хамгаалах, нөхцөл байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн юм. Түүнчлэн Оросоос гадна Беларусь Казахстан руу 100-300 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулагчдаа, Тажикистан 200, Армян улс 70 хүний бүрэлдэхүүнтэй хүчнээ илгээсэн байна. Тэгвэл Казахстанд оруулсан энхийг сахиулах хүчин үүргээ биелүүлж, энэ улсад аюулгүй байдал тогтсон даруйд Төв Азийн энэ улсыг орхин гарах гэнэ.

Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын улс орнуудын Аюулгүйн зөвлөлийн цахим уулзалтын үеэр онцлон хэлсэн байна. Казахстанд оруулж байгаа энхийг сахиулах хүчин энэ улсад удаан хугацаагаар байхгүй, нөхцөл байдал тогтворжсон даруйд эргэн гарна гэдгийг Путин тэмдэглэжээ. Токаев улс орондоо үүсээд байгаа дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдалд гадны хөндлөнгийн нөлөөлөл, зохион байгуулалт байгаа гэж үзэн, улс орондоо дэгдсэн үймээнийг намжаахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, нөхцөл байдал хэвийн горимондоо орсон цагт олон улсын энхийг сахиулагчид мөн улс орныг нь орхин гарах болно гэжээ.