Томуу болон Омикрон хувилбарын тархалтын оргил үед 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх тооцоолол байна 

Нийгэм

Дотоодод Омикрон хувилбар батлагдсан. Үүнийг коронавирусийн дөрөв дэх давалгаа гэж үзэж байгаа юм. Халдварлах чадвар маш өндөр энэ хувилбарын тухайд томуугийн оргил үетэй давхцаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

Томуу болон Омикроны давалгаа давхцах 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 10-ны хооронд халдварын тархалт оргил үедээ 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх тооцооллыг гаргаад байна. Гэхдээ Омикроны тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-оос мэдэгдлээ. Харин аж ахуйн нэгж байгууллагууд хүний нөөцийн боломжоо харгалзан зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх, иргэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөж байна. 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь өны өмнөөс 14 хувь болж нэмэгдсэн байна. Энэ нь олон нийтийн арга хэмжээ, шинэ жилийн баяр зэрэгтэй холбоотойгоор нэмэгдсэн гэдгийг ХӨСҮТ-өөс хэлж байна.

Омикрон хувилбараас сэргийлэхэд дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах нь чухал.

Иргэдийн хувьд халдварт өртөөд эдгэрсэн, нэмэлт тунгаа хийлгэсэн хүмүүст халдварын хүндрэл өгөхгүй байгааг мэргэжлийн байгууллагаас онцолж байна. Тиймээс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд мэргэжлийн байгууллага ажиллахаар төлөвлөж байна. Улсын хэмжээнд вакцины нөөц хангалттай. Файзер болон Синофарм вакцин 2.8 сая тун байгааг УОК-оос мэдээллээ. 

Манай улсын хувьд Омикрон хувилбарын давалгаанд бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 4000 ор бэлдсэн байгаа бол нэмж 1200 орыг дэлгэхээр төлөвлөж байна.

Гэхдээ эмнэлэгт зөвхөн зорилтот бүлгийн архаг суурь өвчтэй, өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхдийг авах юм. Харин хөнгөн өвчилсөн иргэд өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэхийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Дөрөв дэх давалгаа Цагаан сарын баяр, хичээл сургууль эхлэх үед таарч байгаа. Гэсэн хэдий ч хөл хорио тогтоохгүй байх бодлого баримтална, мөн вакцинжуулалтын үр дүн гарна гэж УОК-оос үзэж байна. 

ШУУД ҮЗЭХ