Гэр бүлийн таагүй орчин өсвөр насны хүүхдийг эрсдэл рүү түлхэж байна

Нийгэм

Өсвөр насныхны дунд амиа хорлох тохиолдол элбэг болжээ. Олон нийтэд дэлгээд байдаггүй ч аймшигтай тоон судалгаа ч гарсан байна. Тэгвэл хүүхдүүд яагаад ийм шийдвэр гаргах болов. Юу хамгийн ихээр нөлөөлж байна. Нийгэм тэр чигтээ дарамт болж хувирсан уу, төр засаг хуулийн байгууллагууд үр хүүхдээ хамгаалж чадахаа байсны илрэл үү зэрэг олон асуулт томчуудын өмнө урган гарч ирж байгаа юм. Шалтгаан нөхцөл нь юунд байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа.

10 наснаас эхлэн хүүхэд өсвөр насанд шилжих шилжилтийн процесс явагддаг. Хүүхдийн нас бие сэтгэхүйд гарч буй энэхүү өөрчлөлт нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд янз бүрээр нөлөөлдөг байна. Зарим хүүхдүүдийн хувьд аливаа асуудлыг аав ээж, найз нөхдөөсөө асууж шийдвэр гаргадаг бол зарим нь тулгарсан бэрхшээлд эрсдэлтэй гарцыг сонгох тохиолдол байсаар байна.

Тухайлбал СЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 80 орчим хувь нь зан сэтгэхүйн хувьд асуудалгүй бол 30 орчим хувь нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай, үлдсэн хэсэг нь сэтгэхүйн маш ноцтой өөрчлөлтэй гэж гарчээ. Өсвөр насны эмзэг үед хүүхдэд гэр бүлийн орчин маш чухал байдгийг мэргэжлийн эмч хэлж байна.  

Энэ насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал цар тахлаас өмнөх тоо баримтаас харахад СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн хэвтэн эмчлүүлэх тасагт эмчилгээ хийлгэж буй нийт охидын 80 орчим хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол эзэлж  байсныг албаныхан хэлж байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийлэл болон бусад дарамтаас сэргийлэхэд эцэг эхчүүдийн болоод багш нар маш чухал үүрэгтэй болж байгаа юм. Тэр ч үүднээс энэ жилээс эхлэн ЕБС бүрт сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Одоогийн байдлаар туршилтаар цөөн тооны сургуульд сэтгэлзүйч ажиллаж байгаа юм. 

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудалд түргэн шуурхай зөвлөгөө мэдээлэл өгөх, аюулд өртсөн тохиолдолд авран хамгаалах ажлыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Жил бүр хүүхдийн тусламжийн 108 утсанд 5000 орчим дуудлага мэдээлэл ирдэг. 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан харилцах, тэдний дотоод сэтгэлийг таних нь чухал гэдгийг сэтгэл зүйч зөвлөж байна. Мөн хүүхэдтэйгээ харилцах харилцаа, ямар нэгэн шийдвэрлэж чадахгүй асуудал тулгарсан тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйч эмч, судлаачид хандахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.