Чилид Ням гарагт Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль боллоо

Улс төр

Чилид энэ ням гарагт ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль боллоо. Чилийн төрийн тэргүүний суудлын төлөө зүүний хүчний улс төрч Габриэль Борич болон барууны БНН-аас  нэр дэвшигч Хосе Антонио Каст нар өрсөлдсөн юм. 

Чилийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн 11-р сарын 21-нд явагдсан ч нэр дэвшигчдээс хэн нь ч ялалт байгуулахад шаардагдах санал авч чадаагүй байна. Тиймээс хоёр дахь шатны сонгууль явуулжээ.

Сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хувьд Габриэль Борич нь их улс төрд хөл тавьсан залуу улс төрч гэж тооцогдож байгаа юм.

35 настай Борич нь улс төрд оюутны хөдөлгөөнөөр дамжин орж ирсэн, хэт баячууд, хөрөнгө чинээтэй нийгмийн давхаргад нэмэлт татвар оногдуулж, боловсролыг үнэгүй олгох ёстой гэж үздэг байна.

Тэгвэл 55 настай Хосе Антонио Кастын хувьд тэрээр хэт барууны үзлийг баримтлагч улс төрч гэж тооцогддог, Аугусто Пиночетийн цэргийн дэглэмийг дэмжигч нэгэн юм.