Нийгэм

Хилээр нэвтэрч байгаа хүмүүсийг хянах асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага, хилийн боомтын удирдлагууд онлайнаар ярилцлаа. Техник технологийн хувьд өвчнөөс сэргийлэх бүхий л талын арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Цаашид хяналтаа улам чангатгана мөн байнгын бэлэн байдалд байгааг онцолсон байна. 

Манай улс БНХАУ-тай агаар, төмөр зам, газраар хиллэдэг. Тиймээс Короновирус хилээр дамжих эрсдэл өндөр байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн бүс нутагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж эхэлжээ. Ялангуяа агаарын хилээр дамжих эрсдэл өндөр байгаатай холбогдуулан Бээжин- Улаанбаатар, Хонконг-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар, Манжуур-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчид болон БНХАУ-тай хиллэдэг 13 боомтоор орж ирж байгаа иргэдийн биеийн халууныг хэмжих, эрүүл мэндийн асууж судалгааг давхар авч байгаа гэлээ.

АГААРЫН ХИЛЭЭР ӨДӨРТӨӨ 900-1000 ГАРУЙ ЗОРЧИГЧ ХИЛ НЭВТЭРДЭГ

Манай улсын агаарын хилээр өдөртөө коронавирусын голомттой бүс нутгаас 7 чиглэлийн 900-1000 гаруй зорчигч, хуурай замын буюу Замын-Үүд боомтоор автозамаар 2500-3000 зорчигч төмөр замаар 250-300 зорчигч хил нэвтэрдэг байна. Тиймээс агаарын хилийн боомтоор халдвар дамжих өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Мөн тухайн халдвар өвчинтэй холбоотой мэдээллийг баттай эх сурвалжаас буюу дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шууд авч байгаа учраас иргэдэд цаг алдалгүй бодит мэдээллийг хүргэж ажиллана гэв. Иргэдийн хувьд тайван байж, ахуйн нөхцөлд тухайн халдвар болон бусад төрлийн халварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх  талаар мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг биелүүлэхийг санууллаа.