НҮБ-ын гишүүнээр нэгдэн орсон 60 жилийн ой тохиож байна 

Нийгэм

Манай улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүн орноор элссэн түүхтэй. Түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “НҮБ-ын 7 хоног”-ийг эхлүүлж байна. 7 хоногийн хугацаанд НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдэд ач холбогдлыг нь таниулан ойлгуулах зэрэг олон талт өргөн хүрээний ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ. НҮБ-ын 7 хоног энэ сарын 24-нд мод тарих ажлаар эхлэх юм.

Манай улсыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн өдөр бол 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр. НҮБ-ын гишүүн орон болсноор тусгаар тогтнол, аюулгүй байдлаа олон улсын эрхзүйн хэм хэмжээний хүрээнд баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлж байгаа гэсэн үг юм. Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 193 улстай дипломат харилцаа тогтоож, 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэн оржээ. НҮБ-ын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 24-нд тохиодог. Мөн 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан НҮБ-ын 7 хоногийг энэ сарын 20-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. 

ГХЯ-наас 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийт, тэр дундаа хүүхэд залуучуудад НҮБ-д элссэний ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор дээрх ажлуудыг төлөвлөөд байна. Тухайлбал, НҮБ-ын 7 хоногийн 5 дахь өдөр буюу энэ сарын 25-ны өдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах бол 26-ны өдөр Шуудангийн маркны нээлт зэрэг ач холбогдолтойн дээр сонирхол татахуйц үйл явдлуудыг зохион байгуулахаар болсноо өнөөдөр танилцууллаа.