"Уурхайчдын нэрэмжит талбай" байгуулахаар шав тавилаа

Нийгэм

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна. “Уурхайчдын нэрэмжит талбай”-г 1.28 га газрыг хамруулан тохижуулна. Үүнд уурхайчдын нэрэмжит талбай, ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсгийг хийх аж. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийн ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм.  

“1922 онд Налайхын уурхайг ашиглалтад оруулснаар орчин цагийн уул уурхай үүссэн түүхтэй. Түүхт 100 жилийнхээ ойг тохиолдуулан уул уурхайн салбарт ажиллаж байсан ахмад уурхайчид, коронавируст цар тахлын хүнд нөхцөлд зогсох эрхгүй ажиллаж байгаа 60 мянган уурхайчдынхаа нэр алдрыг ард түмэнтэйгээ хуваалцах үүднээс уг талбайг тохижуулах ажил эхэллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлнэ” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шав тавих ёслолын үеэр ярилаа.