Нийслэлийн СХД хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болохоор ажиллаж байна

Нийгэм

Доороо цэвдэг ихтэй, намгархаг газар айл өрхүүд хашаа хатган байшин барьж амьдарч байгаа ч бохирын асуудал дулааны улиралд хамгийн их хүндрэл дагуулдаг байна.

Учир нь намгархаг газар нүхэн жорлон барихаар 1 метр орчим ухахад л дороос нь ус ихээр гардаг гэлээ.

Улмаар усанд нэвчин тухайн орчны бохирдол дээд цэгтээ тулж эвгүй үнэр ихээр гарах нь оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг байна.

Тиймээс дүүргийн удирдлагууд дээрх асуудлыг үе шаттай шийдвэрлэх ажлыг шуурхайлж эхэлжээ.

Газрын онцлогт тохирсон эко нойлыг оршин суугчид тэр бүр өөрсдийн хөрөнгөөр тавиулах боломж байхгүйг албаны хүн хэллээ.

Тиймээс дүүргийн төсвөөр айл өрхүүдэд тулгамдаад байгаа бохирын асуудлыг ийнхүү шийдэж эхэлжээ. Иргэдийн тухайд өмнө гардаг байсан хүндрэлүүд одоо бүрэн арилсан гэдгийг онцлон хэлж байна.

Сүүлийн үед барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой нэг айлын асуудлыг шийдэхэд төсөвлөсөн зардал бага зэрэг хэтрэх болжээ. Гэсэн хэдий ч дүүргийн удирдлага ирэх гурван жилд нийт өрхийнхөө 50-60 хувьд нь эко боловсон ариун цэврийн байгууламж суурилуулан өгөх зорилт тавьжээ.