АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа гаргах үйл явцаа дуусгалаа

Үйл явдал

АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа гаргах үйл явцаа дуусгалаа. 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа АНУ, Афганистанд цэргээ оруулж, алан хядлага терроризмын эсрэг өргөн хүрээний ажиллагаа эхлүүлсэн юм. Тэгвэл Афганистанд цэргээ оруулан, энхийг сахиулах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 20 жилийн дараа Вашингтон Өмнөд Азийн энэ улсаас цэргийн хүчнээ гаргалаа. 

8-р сарын 31-ний өдрөөр тасалбар болгон АНУ, Афганистанаас цэргийн хүчнээ гаргалаа. Энэ талаар Пентагоны албаны төлөөлөгч, Зэвсэгт хүчний төв командлалын тэргүүн, генерал Кеннет Маккензи мэдэгджээ. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ

“Афганистанд Америкийн нэг ч цэрэг дайчин үлдээгүй. Бид Афганистанаас цэргээ гаргаж дууссанаар 20 жил үргэлжилсэн энхийг сахиулах үйл явц мөн дуусгавар боллоо”

гэжээ. Маккензийн мэдээлснээр Афганистанаас нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа сүүлийн онгоцоор энэ улс дахь АНУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Росс Уилсон эх орноо зорьсон байна.

Афганистаны нийслэл Кабул хотоос нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа Америкийн цэргийн сүүлийн онгоц болох С-17 онгоц Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлаас 8-р сарын 30-ны өдрийн Зүүн эргийн цагаар 15 цаг 29 минутад хөөрчээ. Энэ онгоцоор нүүлгэн шилжүүлэлтэд багтсан Америкийн иргэд, гуравдагч улс орны иргэд, мөн Афганистаны иргэдийг авч нисэн, онгоц хэдийнэ Афганистаны агаарын орон зайг орхин явсан байна.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Америкийн сүүлийн цэргийн онгоцнууд Кабулыг орхин явсны дараагаар олон улсын нисэх буудлыг Талибаны бүлэглэл бүрэн хяналтандаа оруулжээ.

Талибаны эрх баригчид АНУ цэргийн хүчнээ гаргаж дууссанаар улс орон нь сая бүрэн эрх чөлөөтэй боллоо гэж мэдэгдсэн байна.