АФГАНИСТАНД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭЖ БАЙНА

Үйл явдал

Афганистаны нийслэл Кабул хотод лхагва гарагт банк санхүүгийн байгууллагууд үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа сэргээнэ гэж мэдэгдэж байжээ. Кабулын иргэд банк нээгдэх сургаар урт дараалал үүсгэн хүлээсэн ч энэ өдөр банкны цөөн хэдэн салбар л ажилласан байна.

Афганистанд дэгдсэн дотоодын үймээн самууны улмаас 8-р сарын 15-нд талибаны бүлэглэлийн дайчид нийслэл хотыг булаан эзэлсэн өдөр банк санхүүгийн байгууллагууд хаагдсан юм. Тэгвэл Талибаны бүлэглэлийн албаны төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ долоо хоногийн сүүлээр Кабул хотод амьдрал эргээд хэвийн байдалдаа орох болно гэсэн юм.

Энэ дагуу лхагва гарагаас эхлэн банк, тооцооны төвүүд үйл ажиллагаагаа сэргээн, пүрэв гарагт зарим нь нээгдэж, өнөөдрөөс жигдэрнэ гэж найдаж байна. Афганистаны иргэд банкинд дугаарлан зогсч, гар дээрээ бэлэн мөнгө авахыг хүсч байгаа юм. Тэгвэл Талибаны удирдагчид нэг удаад нэг хүнд 200 доллараас илүү бэлэн мөнгө олгохгүй байхаар зохицуулжээ.