Британийн парламент Афганистаны асуудлаар хэлэлцлээ

Улс төр

Их Британийн парламент Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдлыг тусгай хуралдаан зарлан хэлэлцжээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон парламентын хуралдаан дээр Афганистанаас цэрэг дайчдаа гаргах шийдвэрийг дэмжиж, түүний засгийн газар талибанчуудын халдлагад бэлтгэлгүй байсан гэх шүүмжлэлийг үгүйсгэсэн байна.

Их Британийн парламентын танхим Афганистан дахь сүүлийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан парламентын чуулганы завсарлагаа дуусган шуурхай хуралдаан хийхээр цуглажээ. Их Британийн ерөнхий сайд исламын Талибан бүлэглэлийн үйл ажиллагааг хяналтандаа аван ажиглаж, Афганистан дахь дотоодын нөхцөл байдалтай уялдуулан цэргийн хүчнээ нэн даруй гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Жонсон энэ талаар мэдэгдэхдээ: -Барууны улс орнууд, НАТО Афганистанд эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа зүй ёсоор дуусгавар болгох нь зүйтэй. Үнэн хэрэгтээ Афганистан дахь цэрэг дайны ажиллагаа 2014 онд дуусгавар болж, түүнээс хойш НАТО, Холбоотны хүчин Афганистаны энхийн үйл явцыг дэмжих, цэрэг армийг нь сургаж дадлагажуулах л үүрэг хүлээж байсан. Бид цаашид ч Афганистаны ард түмнийг дэмжиж, бүс нутгийн аюулгүй тайван байдлыг хангахаар олон улсын түнш орнуудтай хамтарсан төлөвлөгөө боловсруулан ажилласаар байна гэжээ.

Их Британи улс өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэг болоод байгаа Афганистанаас 306 иргэнээ, мөн энэ улсын 2052 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Түүнчлэн лхагва гарагт Лондонд Их Британийн иргэд, Афганистаны дүрвэгсэд суулгасан бас нэгэн онгоц газарджээ. Их Британийн тал Афганистанаас 20 мянган дүрвэгч хүлээж авахаар болж, энэ онд 5 мянгыг хүлээн авна гэжээ.