Нийгэм

Тархины хорт хавдартай Долгормаа охин сайхан сэтгэлт Монгол түмэндээ хандлаа.  Турк, Солонгос улс руу эмчилгээнд явбал эдгэрэх бүрэн боломжтой ч санхүүгийн байдлаас үүдэн эмчилгээ саатжээ.  Таван настай охины гэр бүл 300 сая төгрөг цуглуулах хандивын аян зарлаж цахим орчинд тараагаад байгаа юм.  Охины биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа учраас хандивын аянд иргэдийг их бага гэлтгүй гараа сунгаж халуун сэтгэлээ дэвсэхийг хүслээ. 

2018 оны 5 дугаар сард орон дээрээс унахдаа духаа ширээний буланд цохисноос хойш З.Долгормаа толгой нь өвдөж, өрөөсөн хөлөө чирч явах болсон байна. Тухайн үед тархи нь хөдөлсөн байх гэж толгойг нь бариулах зэргээр эмчлүүлсэн ч зовиур улам нэмэгджээ. Ингээд нарийн шинжилгээ өгсний дараагаар хэвлийн хөндийн хорт хавдартай гэх онош тогтоогдсон байна. Хавдар хэвлийн хөндийгөөс гадна бусад эрхтэнүүд рүү халдварлаж тархинд гурван хэсэгт, элэг аарцагны яс зэрэгт үсэрхийлэл явагдаж эхэлжээ. Онош тогтоогдсон даруйд шаардлагатай эмчилгээг шат дараалан хийлгэсэн ч охинд одоо хөнгөвчлөх тасгийн эмчилгээг л санал болгож байгаа юм байна.   

Тархинд үсэрхийлсэн хавдрын уршгаар охины зүүн нүд хараагүй болсон байна. Энд хэдийгээр хөнгөвчлөх эмчилгээ заагдсан ч охины аав ээж БНТУ болон БНСУ руу материалаа явуулахад шаардлагатай эмчилгээгээ хийнэ боломжтой гэх хариултыг өгчээ. Гэхдээ эмчилгээний зардалд 300 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. Одоогийн байдлаар охин өдөр болгон өвчин намдаах тариа хийлгэж, хоёр хоног тутамд клизм тавиулж бие засч байгаа гэсэн юм. Сэргэлэн цовоо тоглож наадах охиноо хөнгөвчлөх тасагт хэвтүүлмээргүй байгаагаа түүний ээж аав учирлаж байлаа. “Онгоцоор нэг нисвэл эрүүл болно” гэсэн итгэл найдвар тээх бяцхан охин өөрийгөө зоригтой хүчтэй байлгах ч зорилго тавьжээ.

Охиныг эмчилгээний зардалтай болгохоор зарим уран бүтээлчид төрийн бус байгууллагууд санаачлан хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна.

Тоглолт энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар паласт 19 цагаас болох юм. Тоглолтын бүх орлого 5 настай бяцхан охины эмчилгээний зардалд хандивлагдах юм байна.

Г.Золбаярын гэр бүл элэг нэгт ахан дүүсээсээ тусламжийн гараа сунгаж охинд нь амьдрал бэлэглэхийг хүслээ.