6000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд 1177 тохиолдол батлагдлаа

Нийгэм

Өнөөдөр 1177 тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд нийт халдвар 66,443 боллоо. Сүүлийн үед халдварын тархалт орон нутаг болон нийслэлд эрчимтэй нэмэгдэж байна.  Тухайлбал, Хэнтий 20, Эрдэнэт 50, Төв 59, Хөвсгөл 23, Архангай 24 тохиолдол шинээр батлагдлаа. Энэ хэрээр иргэдийн дунд эрсдэл их байгааг ЭМЯ-аас анхааруулж байна. Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт 54,081 хүн бүрэн эдгэрлээ. Мөн өнгөрсөн хоногт цар тахлын хүндрэлийн улмаас хоёр хүн нас барлаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6253 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 5700 гаруй иргэн гэрийн ажиглалтад байгаа юм. Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг өрхийн эмч нар хариуцаж, хянаж байгаа. Гэтэл гэртээ байгаа иргэд биеийн байдлаа хүндрүүлэх эрсдэл байгааг албаны хүн хэлж байна.  Тиймээс иргэдийг өөрийн биеийн байдлаа сайтар хянах, ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмчдээ хандахыг зөвлөж байна. Халдварын эх уурхай нь найз нөхдийн уулзалт, олон хүний бөөгнөрлөөс үүсч байгааг ЭМЯ-аас анхааруулж байна.

Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 3740 нь хөнгөн, 130 маш хүнд биеийн байдалтай байна.  Мөн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны зохион байгуулалт хийж эхэлжээ. Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ЭМЯ-аас анхаарууллаа.