Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана

Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барьж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж анх 1964 онд байгуулагдсан. Хоногт дунджаар 170 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай ч Улаанбаатар хотын хэрэглээ 180-200 мянган шоо метр ус байгаа юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авна. Хоёр байгууламж нийт 400 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай болж, тавин хувиар ажиллах боломж бүрдэх юм. Мөн шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийт бохир усныхаа 25 хувийг дахин ашиглаж, III, IV цахилгаан станц руу нийлүүлж, энэ хэрээр Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээнд хэмнэлт гарна.