Халуун сэдэв

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын найман хүнд холбогдох хэргийн хэлэлцүүлэг боллоо. Түүнийг Оюу Толгойн гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Петровис компанийн шатахууныг өндөр үнээр нийлүүлэхээр тусгасан хэрэгт буруутгажээ. Иймэрхүү байдлаар хэрэг нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байгааг тэрээр хуралдааны завсарлагаар онцолсон юм. Харин гэм буруутайг нотлох баримт байгаа бол хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ Ерөнхий сайд асан С.Баяр хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын найман хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа.

Шүүх хурал завсарлах үеэр МУ-ын сайд асан С.Баяр дараах тайлбарыг өглөө.

"Энэ шүүгдэж байгаа хүмүүсийн заримыг нь танихгүй юм байна. Гэтэл энэ 7 хүнийг бүлэглэж гэмт хэрэг хийсэн гэх юм. Анх намайг гэмт бүлэг байгуулсан, хууль бусаар мөнгө олох зорилготой гэж эрүүгийн хэрэг нээсэн. Энэ үндэслэлээрээ намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхдээ гэмт бүлэг байгуулсан гэх тогтоолоо хүчингүй болгосон. Тэгсэн хэрнээ бид хэдийг гэмт бүлэг байгаад байгаа юм шиг байлгаад байгаа нь буруу юм. Бид хоорондоо хамтраад юм уу, тусдаа ямар нэгэн гэмт хэрэг хийсэн юм байхгүй. Үндэслэлээ зөв гаргах хэрэгтэй. 2015 онд Оюутолгойн Дубайн гэрээг байгуулсан гэж дуулсан. Миний оролцоо энд байхгүй"

гэлээ. Мөн "Энэ бол хохирогчгүй шүүх хурал болж байна. Мөнгө угаасан юм бол хичнээн төгрөг, хохирол учруулсан юм бол хэнд хэдэн төгрөгний хохирол учруулсан нь тодорхой байх хэрэгтэй. Гэтэл тийм юм байхгүй байна" гэх тайлбарыг өглөө.