Орос-Украины талууд эхний шатны яриа хэлэлцээ явуулсан ч нөхцөл байдал хүнд хэвээр байна

Үйл явдал

Оросын зэвсэгт хүчний Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаа 6 дахь хоногтоо үргэлжилж, Оросын тал Киев болон Харьков хотууд руу цохилт дайралт хийжээ.

Орос-Украины талууд даваа гарагт эхний шатны яриа хэлэлцээ явуулсан ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Украины нийслэл Киев хотын иргэд аюулгүйн үүднээс сүүлийн хоногуудыг нуувч, хонгил, хоргодох байруудад өнгөрүүлж байна. 

Украины нийслэл хотоос гадна хоёр дахь том хот болох Харьков хот мөн агаарын цохилт дайралтад өртжээ. Олон нийтийн цахим сүлжээнд Оросын агаарын хүчний цохилт дайралтад өртсөн орон сууцны барилга, иргэний зориулалттай объектын сүйдсэн зураг, бичлэг зэргийг оруулж байна. Тэгвэл шинжээчдийн дүгнэж байгаагаар Украины хотууд руу Оросын тал “Град” болон “Смерч” загварын пуужингийн зэвсгээс гал нээж, мөн агаарын бөмбөгөөр халдлага үйлдэж байна. Украины тал Оросын явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас их хэмжээний хор хохирол амсч байгаа талаараа мэдэгдэж байгаа юм.

Тэгвэл Оросын тал урьдын адил Украины энгийн номхон иргэд, иргэний объектын эсрэг халдаагүй гэдгээ мэдэгдэн, Украины талыг буруу ташаа мэдээлэл тарааж байгаад буруутгаж байна.