ЕХ: Оросын эсрэг ОУ-ын худалдааны гэрээ хэлцэл явуулах үйл явцад хатуу хориг тавина

Улс төр

ЕХ-ны улс орнууд Украин дахь нөхцөл байдал, Оросын цэргийн ажиллагааны талаар цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж байна.

Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт ажлаа эхэлж, ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээ тогтоохоор хэлэлцэж байна. ЕХ-ны улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид ОХУ-ын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсон явдлыг эрс буруутгаж, Оросын тэргүүний гаргасан шийдвэр бодлогогүй алхам байсныг шүүмжилжээ. 

ЕХ-ны зүгээс Оросын эсрэг ээлжит хатуу хориг арга хэмжээгээ авч байна. Германы Холбооны канцлер Олаф Шольц:

-Путин Украин руу халдахаар шийдвэрлэхдээ энэ дайнд ялалт байгуулахгүй гэдгээ тооцсонгүй. Европын улс орнууд энхтайван байдал, эв нэгдэл, ардчиллыг хүсч байна. Украины иргэд энэ тал дээр илт давуу байдалтай байгаагаа харуулж чадлаа

гэжээ.

ЕХ-ны дээд уулзалтад оролцогч талууд Оросын эдийн засгийн хөгжлийг сааруулах, мөн олон улсын худалдааны гэрээ хэлцэл явуулах үйл явцад хатуу хориг тавихаар шийдвэрлэсэн байна.

Польшийн ерөнхий сайд Матеуг Моравецкий:

-Бид хоосон яриа, хямдхан мэдэгдэл хийхээ зогсоох хэрэгтэй. Бид хямралаа шийднэ гэж итгэсээр байх зуурт хямрал дайн тулааны хэмжээнд тулж, энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж эхлээд байна. Бид одоо хором бүр чухал үнэ цэнэтэй гэдгийг ойлгох нь зүйтэй

гэжээ. 

Бельгийн ерөнхий сайд Александр Де Кру:

-Бидэнд зүгээр айлгаад өнгөрдөг арга хэмжээ биш харин маш чанга хатгах хориг хэрэгтэй байна

гэжээ. 

ЕХ-ны улс орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахаар шийдвэрлэж, Оросын талыг өндөр технологийн бараа таваар, программ хангамж, стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд нэвтрэх эрхийг хязгаарлах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн байна. Түүнчлэн Оросын тал цаашид ч Украины эсрэг дайсагнасан бодлогоо үргэлжлүүлсээр байвал илүү хатуу хориг тавихаа мэдэгджээ.