“Brit Awards-2022” хөгжмийн наадмын шилдгүүд тодорлоо

Энтертэйнмент

Их Британийн хөгжмийн нэр хүндтэй наадам болох Brit Awards наадам Лондон хотын 02 Аренад амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жил 42 дахь удаагаа болсон Brit Awards хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан улаан хивсний ёслол, ёслолын арга хэмжээтэйгээр өргөн хүрээнд болж өнгөрчээ. 

Энэ удаагийн Brit Awards хөгжмийн наадамд 6 жил завсарласны дараа хөгжмийн урлагт эргэн ирсэн Британийн дуучин Адель хамгийн азтай одтой байжээ. Адель нийтдээ 4 номинацид нэр дэвшин гурван шагнал гардан авчээ. Тэрээр “оны шилдэг цомог”, “оны шилдэг уран бүтээлч”, мөн Easy On Me дуугаараа “оны шилдэг дуу”-ны шагнал хүртсэн байна.

Дуучин Аделийн 2021 оны эргэн ирэлт түүний фенүүдийг баярлуулж, дуучны “30” нэртэй шинэ цомог 6 долоо хоногт 600 мянган хувиар борлогдож, Британийн хит-парадыг тэргүүлжээ. Британийн хөгжмийн шилдэг дуу зохиогчийн шагналыг Эд Ширан хүртэж, Их Британийн репер Литтл Симз “шилдэг шинэ уран бүтээлч”-ээр шалгарч, Wolf Alice хамтлаг “оны шилдэг хамтлаг” болжээ. Гадаадын шилдэг уран бүтээлчээр Билли Айлишийг нэрлэсэн байна.