Архив...

Намууд

Шинэ намын эвсэл коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлж буй ажилд өөрсдийн саналаа илгээлээ. Иргэдийн дийлэнх нь орон сууцны ипотекийн зээлтэй учраас төлөлтийг нь зургаан сараар сунгаж, иргэн бүрт мөнгөн тэтгэмж олгох шаардлагатай гэж үзсэн байна. Мөн эдийн засгаа хамгаалахын тулд бодлого тодорхойлох түр хороо байгуулах саналыг Улсын их хурлын даргад хүргүүллээ. 

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу Шинэ нам, Бүгд Найрамдах Нам тэргүүтэй улс төрийн 11 нам нэгдэн Шинэ эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл шинэ эвсэл коронавирусийн тархалтаас сэргийлэх ажлын хүрээнд засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий долоон төрлийн арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ зарим арга хэмжээг нэмж авах шаардлагатай хэмээн саналаа хүргүүлж байгаа гэсэн юм.

Үүнээс гадна бүх өрхөд онцгой нөхцлийн тэтгэмж олгож ипотекийн зээл төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах хэрэгтэй гэлээ. Мөн АИ92 шатахууны үнийг 1000-1200 төгрөг хүртэл бууруулах боломжтой тул энэ асуудлыг судлах саналыг хүргүүлж байгаагаа хэллээ. Шинэ эвслийн зүгээс УИХ-ын мөн шаардлага хүргүүлж байгаагаа онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан зургаан төрлийн уриалга гаргасан. Үүнд, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвшилцлийн түр хороог УИХ-ын дэргэд байгуулахыг санал болгосон.  Шинэ эвслийн зүгээс ерөнхийлөгчийн уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.