Намууд

НАМЭХ-ноос санаачлан зохион байгуулж байгаа "Алхангаа ярилцъя" арга хэмжээ Булган аймагт үргэлжиллээ.  Тус арга хэмжээ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хамтран ажиллах зорилготой юм.  

Эмэгтэйчүүдийнхээ санал бодлыг сонсох, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, асуудлыг шийдвэрлэх зорилготой Алхангаа ярилцъя арга хэмжээг НАМЭХ-оос Улаанбаатар хот, Орхон аймагт зохион байгуулсан. Харин энэ удаад Булган аймагт зохион байгуулж, хүчээ нэгтгэе уриан дор эмэгтэйчүүд чууллаа. Тэд алхангаа ярилцаж, хамтдаа дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар өөрсдийн болоод нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлээ эрэлхийлж байсан юм. Эмэгтэйчүүд алхангаа ярилцсаны дараа чадавхжуулах сургалтад хамрагдлаа. “Тогтвортой хөгжил-Хариуцлагатай хэрэглээ”, “Монголын бизнес эрхлэгч болон нийт эмэгтэйчүүдийг дэмжих үндэсний сүлжээ”, “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал”, “Эмэгтэйчүүд ба Дижитал шилжилт” сэдвээр НАМЭХ-ны холбогдох албаныхан илтгэл тавьж, оролцогч эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцлоо.

Сургалт өгөөжтэй байж, эмэгтэйчүүд эхнээсээ бодитой дэмжлэг авч байгааг тэд онцолж байсан юм. Иргэн, төрийн харилцааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж эмэгтэйчүүд болон нутгийн удирдлагууд онцолж байна.

НАМЭХ-оос зохион байгуулж байгаа алхангаа ярилцаж, гарц шийдэл олох, сургалт зөвлөгөө өгөх, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох энэ арга хэмжээ цаашид улс орон даяар үргэлжлэх юм. 2020 оны 3-р сар гэхэд 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж дуусахаар төлөвлөжээ.