НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины цөмийн байгууламж агаарын цохилтод өртсөн явдлыг хэлэлцлээ

Үйл явдал

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Оросын зэвсэгт хүчин Европт хамгийн томд тооцогдох Украины Энергодар хотын Запорожийн цөмийн цахилгаан станцын эсрэг агаарын цохилт дайралт хийсэн явдлыг шуурхай хуралдаанаараа хэлэлцлээ. Энэхүү халдлагыг Аюулгүйн зөвлөл онцлон хэлэлцэж, хүн төрөлхтөн цөмийн болзошгүй халдлагатай нүүр тулах шахлаа гэжээ.

ОХУ-ын тал Запорожийн цөмийн станц руу агаараас өгсөн цохилтоо Украины цөмийн байгууламжийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд захиргааны байр луу нь цохилт өгч, хяналтандаа авсан гэж мэдээлжээ. НҮБ дахь Оросын албаны төлөөлөгч Василий Небензя: -Та бүхэн Запорожийн цөмийн цахилгаан станц Оросын цэргийнхний халдлагад өртөн, улмаар гал гарсан гэж байгаа ч энэ мэдээлэл үнэн байдалд нийцэхгүй байна. Украины Энергодар хот, Запорожийн цөмийн станц болон ойролцоох газар нутгийг 2-р сарын 28-нд Оросын цэргийнхэн хэдийнэ хяналтандаа оруулаад байсан гэжээ. Тиймээс Оросын тал Запорожийн цөмийн станц руу халдсан гэх мэдээллийг үгүйсгэн,  станцын аюулгүй байдлыг цэргийнхэн аль хэдийнэ хяналтандаа оруулсан гэж мэдэгджээ. 

Тэгвэл НҮБ дахь АНУ-ын албаны төлөөлөгч Линда Томас-Гринфилд “хүн төрөлхтөн цөмийн аюул заналхийллийгазаар тойрч гарлаа” гээд Оросын үйлдлийг “бодлогогүй, аюултай” гэж нэрлэсэн байна. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ: -Бид Украины операторууд маш хүнд хэцүү нөхцөлд, бусдын хараан дор ажлаа гүйцэтгэж байгаад санаа зовинож байна. Оросын тал Европын хамгийн том цөмийн цахилгаан станц руу халдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй, аюултай үйлдэл гэсэн байна. 

Тэгвэл Брюссельд Их Долоогийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар Оросын талыг Украины иргэд болоод дэд бүтцийн эсрэг цохилт дайралт хийж байгааг шүүмжилж, Украины нутаг дэвсгэрт цэрэг дайны ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг хариуцлагад татахыг шаарджээ.