ОХУ-ын тал галаа зогсоон, “Хүмүүнлэгийн коридор”-оо нээж байна

Үйл явдал

ОХУ, Украины талтай хийсэн яриа хэлэлцээрийн үеэр Украины дайн тулаантай бүсээс энгийн номхон иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх зорилгоор “хүмүүнлэгийн коридор” буюу “хүмүүнлэгийн гарц” нээхээр хэлэлцэн тогтсон. Тэгвэл Оросын тал бямба гарагий өглөөний 10 цагт галаа зогсоожээ. 

Оросын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр Оросын цэргийн хүчнийхэн Москвагийн цагаар 3-р сарын 5-ны өдрийн өглөөний 10 цагт галаа зогсоон, “нам гүм байдалд” шилжлээ. Ийнхүү галаа зогсоохтой зэрэгцээд Мариуполь, Волновах зэрэг хотод “хүмүүнлэгийн гарц”-уудаа нээж, энгийн номхон иргэдийг аюулгүй байдалд хотоос нүүлгэн шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн байна. Ингэхдээ Оросын тал Украины албаны төлөөлөгчидтэй хийсэн тохиролцооны дагуух чиглэлүүдэд хүмүүнлэгийн гарцууд нээсэн болохоо тэмдэглэжээ. 

Оросын тал өнөөдрийн байдлаар Украины зүүн хойд хэсэг, зүүн болон зүүн өмнөд хэсгийг хяналтандаа оруулаад байна. Тэр дундаа Мелитополь, Херсон, Бердянск хотуудын хяналтандаа авч, Мариуполь, Сума, Конотоп, Чернигов хотуудыг бүслэн, Чернобылийн цөмийн станцын бүс нутгийг бүрэн хянаж байна. Түүнчлэн Оросын Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар Оросын хуягт техникийн цуваа нийслэл Киев хотод ойртож байгаа гэнэ. Мөн Украины 2 дахь том хот болох Харьковыг ч гаднаас нь бүсэлжээ. НҮБ-ын мэдээлж байгаагаар өнөөдөр Украиныг энэ улсын 1,2 сая иргэн орхин гарчээ.