ГЕРМАН: Цар тахлын үеийн дүрэм журмыг эсэргүүцэгчид жагсаал хийжээ

Ковид-19 /дэлхий/

Германы Росток хотод цар тахлын үеийн дүрэм журам, бодлогыг эсэргүүцэгчид гудамж талбайдаа гарч жагсаал хийжээ. Тэд төр засгаас гаргасан карантин, локдауны дэглэмийг эсэргүүцэн, улмаар хууль хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. 

Росток хотын гудамж талбайд гарч жагссан иргэдийн зарим нь биедээ галт зэвсэг барьсан байсан нь хууль сахиулагчдыг болгоомжлоход хүргэжээ. Улмаар тэд 10-аад хүнийг баривчлан саатуулсан байна.

Росток хотын гудамжнаа болсон жагсаалд хэдэн зуун хүн нэгдэн оролцож, цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор тавьсан хязгаарлалтын журмыг эсэргүүцжээ. Ингэхдээ жагсаалд нэгдсэн хүмүүс хоорондын аюулгүй байдлаа сахиагүйн дээр ихэнх нь амны хаалт ч үгүй байжээ. Германд цар тахлын омикрон вирусний хувилбар эрчтэй дэгдэж байгаагаас энэ улсын эрх баригчид халдвар хамгааллын журмаа чангатгасан юм.