Засгийн газар

Энэ жил Монгол улс, Бүгд Найрамдах Турк улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Ойн  хүрээнд “Монгол, Туркийн хамтын ажиллагаа- Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хоёр орны элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон энэ хурлаар Турк, Монголын эдийн засгийн харилцааг сайжруулж, гадаад худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ. Эрдэм шинжилгээний хурлыг Удирдлагын академи, Хилийн чанад дахь Турк ахан дүүсийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурлаар яригдаж байсан гол асуудал бол хоёр орны эдийн засгийн нөхцөл байдал. Монгол, Туркийн хамтын ажиллагаа харьцангуй сайн ч эдийн засаг, бизнесийн салбарт талууд төдийлөн анхаарал хандуулдаггүйг хуралд оролцогчид ярьж байна. Туркийн бизнес эрхлэгчид Монгол ирэх сонирхолтой байдаг боловч бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд асуудал, хүндрэл үүсдэг.  Истанбул-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул чиглэлд шууд нислэггүй. Энэ мэт нөхцөл байдлаас үүдэж хоёр орны худалдааны эргэлт өсөхгүй өнөөдрийг хүрснийг төлөөллүүд ярьж байсан юм.  Монгол, Туркийн худалдааны эргэлт жилд 27 сая ам.доллар байгаа нь маш бага тоо гэдгийг БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Ахмет Язал онцлоод цаашид анхаарах ёстой асуудлуудыг дурдсан юм.

АХМЕТ ЯЗАЛ /БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД/

Орчуулга: Манай хоёр улс өнө эртний найрсаг харилцаатай улс юм. Монголд ирсэн Турк хүн, Туркт очсон Монгол хүн улс орныхоо ёс заншил, соёлыг сайн мэддэг. Энэ бол бидний нөхөрлөлийг харуулж байгаагийн илрэл. Энэ хамтын нөхөрлөл биднийг хаа хүртэл аваачих нь бидний хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарна. Бид олон салбарт хамтран ажилласаар иржээ. Гэхдээ эдийн засгийн харилцаанаас бусдад нь. Худалдаа эргэлт маш муу. Туркийн бизнес эрхлэгчид Монголд ирэхийг хүсдэг ч нислэгийн асуудалтай тулгардаг. Агаарын тээврийн харилцааг сайжруулж, шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацааанд Турк улсад 2500 гаруй монгол оюутан дээд боловсрол эзэмшсэн байдаг. Цаашид их, дээд сургуулиудын харилцааг сайжруулж, мөн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудынхаа тоог ч нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Истанбул- Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул чиглэлд 2020 оны 1-р сарын нэгнээс шууд нислэгтэй болно. Ингэснээр бизнес эрхлэгчдэд боломж нээгдэж, бизнесийн хамтын ажиллагаа өргөжиж, эдийн засгийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтойг хурлын үеэр онцолж байлаа.   

“Өнгөрсөн, Одоо, Ирдээдүй” эрдэм шинжилгээний хурлаар “Бид хамдтаа хүчтэй- Монгол, Туркийн 50 жил”, “Монгол улсын эдийн засгийн өсөлт ба гадаад худалдааны хэтийн төлөв”, “Түрэг судлаачдын ололтоос...” зэрэг илтгэлийг Турк, Монголын талууд хэлэлцүүлж байсан юм.