Улсын Их хурал

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.01.28/ сонгууль товлон зарлах хугацааг хэлэлцэн дэмжихээс гадна тойрог мандатын хувиарлалттай холбоотой асуудлаар хуралдлаа. Эрх баригч үндсэн дөрвөн чигийг барьж тойрог мандатыг хувиарласан гэдгийг хэлж байгаа бол Ардчилсан нам нийслэлийн мандатыг хассанд багагүй бухимдаж байгаа юм. Гэхдээ 2016 оны сонгуулиар Ардчилсан нам зарчимгүй хандаж нийслэлийн мандатыг эрс нэмэгдүүлсэн гэдгийг гишүүд хэлж байгаа юм.

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо орон нутгийн сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-ний Лхагва гарагт явуулахыг дэмжлээ. Үүний дараа сонгуулийн тойрог мандатын хувиарлалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Эрх баригч нам улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байхаар  тогтсон юм.

Улс бүхэлдээ 29 тойрогт хуваагдаж байгаагаас орон нутгийн 20 тойргоос 52 Улсын их хурлын гишүүнийг сонгох бол нийслэлийн 9 тойргоос  24 гишүүнийг сонгоно. Сонгуулийн тойрог мандатыг хувиарлахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааг харгалзан үзэж нийслэлийн 28 мандатаас дөрвийг хасаад байгаа.  Энэ асуудалд Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж байна.

Долоон удаагийн парламентын сонгуулиар нийслэл дийлэнхдээ 20 мандаттай явж ирснийг 2016 оны сонгуулиар Ардчилсан нам эрс нэмж 28 болгон нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж байсан удаатайг гишүүд хэлж байна. Харин энэ удаад эрх баригч нам 24 болгон цөөлсөн. Ингэхдээ аль нэг намын эрх ашиг гэхээс илүүтэй хуульд заасан зарчим иргэдийн сонгох сонгогдох эрхийг харгалзан үзсэн гэдгийг онцоллоо. Байнгын хороо уг асуудлыг дэмжиж нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.