Италид бүх нийтийн ажил хаялт зарлажээ

Үйл явдал

Италийн хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний холбооноос улсынхаа засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарласан байна. 

Италийн үйлдвэрчний холбоодын уриалгаар эхний ээлжинд 8 цагийн сануулах ажил хаялт зарлажээ. Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд оролцсон ажил хаялт, жагсаал цуглаан Италийн нийслэл Ром хотноо болсон байна. Түүнчлэн нийслэл хотоос гадна Милан, Бари, Палермо, Кальяри зэрэг хотуудад мөн ажил хаялт болжээ.

Италийн Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, үйлдвэрчний холбоодын үзэж байгаагаар улсынх нь засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсвийн хууль нь улс оронд цар тахалтай холбоотой нүүрлээд байгаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс хөдөлмөр эрхлэгчид, тэтгэврийн насныхан, нийгмийн системийг бэхжүүлэхэд чиглэгдсэн илүү үр дүнтэй бодлого тодорхойлохыг шаардаж байна.