Барилгын материалын үнээс үүдэлтэй өссөн зардлыг ирэх 7-р сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой

Парламент

Ирэх оны улсын нэгдсэн төсвийг УИХ маргаашийн дотор батална. Түүхэндээ анх удаа Монгол Улс 18.1 их наяд төгрөг буюу хамгийн өндөр зардалтай төсөв батлах гэж байна.

Засгийн газар уул уурхайгаас олох орлогын хэмжээг тултал тооцож тэр хэрээр зарлага гаргахаар төлөвлөсөн.

Тухайлбал, ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон юм. Гэвч энэ тооцоолол нь хил гаалийн асуудал, цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа үед хэт хөөсрөлттэй төсөв гэж зарим гишүүд шүүмжиллээ.

Манай улс энэ онд ердөө 15 сая тонн нүүрс экспортод гаргасан. Тэгвэл ирэх онд хоёр дахин их нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоно гэж байгаа нь хэт өөдрөг гэж шүүмжиллээ. УИХ дахь Ардчилсан нам төсвийн хэлэлцүүлэгт завсарлага авах санал гаргасан ч хууль батлах хугацаа 15-ны өдөр тул 5 цагийн завсарлага өгсөн Энэ онд хил гааль, тээвэрлэлтээс үүдсэн үнийн өсөлт олон хүндрэл дагуулж байгаа.

Үүний нэг нь барилгын материалын үнэ хэд дахин өссөнөөс үүдэн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтууд царцахад хүргэсэн. Тэгвэл 2021 оны 1-р сараас эхэлсэн үнийн өсөлтөөс үүдэлтэй зөрүү хөрөнгийг одоо хэлэлцэж байгаа төсөвт тусгах боломжгүйг хэллээ.

Холбогдох хуульд заахдаа, салбар яам үнийн индекс тогтоож магадлан хийсний дараа төсөвт зардал суулгах боломжтой тул ирэх оны 7-р сарын нэгэн гэхэд барилгын материалын үнээс үүдэлтэй зөрүү мөнгийг УИХ-д өргөн барихаар тусгалаа. Энэ мэт асуудлаас үүдээд ирэх оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх магадлалтай болж байгаа юм.