Г.ЗАНДАНШАТАР: Ажлын байр бий болгож байгаа салбарыг зээл болон татварын бодлогоор дэмжинэ

Парламент

УИХ-ын дарга цар тахлын хүнд цаг үед ажилгүйдэл ядууралд онцгой анхаарсан цогц бодлого боловсруулахаа хэллээ. 

Ковидын үед болоод дараа улсын эдийн засгийг сэргээхэд ажлын байр олноор бий болгож баялаг бүтээж байгаа иргэдээ дэмжих нь нэн чухал гэдгийг тэрээр онцолж байна. Ядуурлын үндсэн шалтгаан ажилгүйдэл тул ажлын байрын олноор бий болгож байгаа салбарт хөрөнгө оруулалт хийхээс гадна хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих ёстой гэлээ.

Цар тахлын үед зарим бодлогын арга хэмжээ авсны үндсэнд эдийн засгийн өсөлт 15.7 хувьд хүрсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлт цаашид энэ хэмжээгээр явахад хүндрэл бэрхшээл үүсч байгааг Төв банкны ерөнхийлөгч онцоллоо. Гол тулгарч байгаа бэрхшээл нь улс орнуудын хилийн хязгаарлалт, ачаа тээврийн саатал, тээврийн зардлын болон  түүхий эдийн өсөлтөөс хамаарч эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлсэн юм.

Өнгөрсөн жил нийт 55 мянган иргэнд зээл олгосон бол он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 57 мянган иргэн бизнесийн болон ипотекийн зээлд хамрагдаад байна. Цаашид эдийн засгийг сэргээх гол арга зам нь ажлын байрыг нэмэгдүүлж халамжийн тогтолцооноос гарах

гэдгийг УИХ-ын дарга онцлоод ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ шуурхай авахыг даалгалаа.

Ингэхдээ дунд доод шатанд олгох зөвшөөрлийг илүү боловсронгуй хялбар болгож төрийн зүгээс үзүүлж байгаа дарамт шахалт хүндрэл бэрхшээлийг арилгана

гэдгээ хэллээ.