Хүүхдийн төлөө фондод хандив өгсөн ААН-үүдэд татварын хөнгөлөлт олгох асуудлыг судална

Засгийн газар
Монгол Улсын засгийн газар Хүүхдийн төлөө тусгай сан байгуулахаар төлөвлөж байна. Урьд өмнө нь яг ийм тусгай сан байгуулсан ч голдуу энд тэндхийн тусламж, дэмжлэг зээлээр санхүүжүүлдэг байсан. Харин шинээр байгуулах хүүхдийн фондод төсвөөс жил бүр хөрөнгө суулгаж хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажилд зарцуулах юм. Мөн төрийн албаны тансаг хэрэглээг бууруулж хэмнэсэн хөрөнгийг энэ санд төвлөрүүлдэг байхаар ярилцаж эхэллээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүүхдийн хөгжил, нийгмийн асуудалд чиглэсэн засгийн газрын тусгай сан байгуулахаар байнгын хороогоор төслийг хэлэлцэж эхэллээ.

Хүүхдийн төлөө сан байгуулснаар урлагийн томоохон тоглолт, авто тээврийн сонирхол татахуйц буюу азийн тодотголтой дугаарыг худалдан борлуулсан орлого, хандив тусламжаар сангийн хөрөнгийг төвлөрүүлэхээр заасан. Тэгвэл гишүүдийн зүгээс сангийн орлогыг илүү өргөн хүрээтэй байлгаж байгалийн баялаг болон улсын төсвөөс хөрөнгө төвлөрүүлэх ёстой гэсэн санал гаргалаа.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНДОД ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРДАЛ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГООС ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА
Хүүхдийн төлөө фонд буюу сангийн орлогыг дээрх байдлаар төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол сангийн зарлагыг тив дэлхийн урлаг спортын наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах замаар зарцуулахаар тусгасан. Тэгвэл гишүүдийн зүгээс сангийн зарлагыг тэмцээн уралдаанд явах зардлыг даахаас гадна хүнд өвчтэй хүүхдүүдэд зарцуулдаг байх санал гаргалаа.
ЖИЛД 385 САЯАС 6 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ХӨРӨНГИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ТООЦОО ГАРГАЖЭЭ
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт, болон шагнал урамшуулалд зарцуулахаар тусгаж байгаа нь хамрах цар хүрээ багатай гэж гишүүд үзлээ. Тиймээс салбарын сайдын зүгээс сангийн орлого зарлагын зарцуулалтыг өргөн хүрээнд байлгахаар санал боловсруулж холбогдох байнгын хороодын хуралдаануудаар хэлэлцүүлэхээ мэдэгдлээ. Хүүхдийн төлөө санд жилдээ 385 саяаас 6 тэрбум хүртэлх хөрөнгө төвлөрүүлэхээр тооцоолж зарцуулалтыг сангийн удирдах зөвлөл хариуцан засгийн газрын шийдвэрээр зарцуулахаар тусгаад байна.