О.Батнайрамдал: Нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнийг цахим биржээр арилжаална

Засгийн газар

-Нүүрсний “хулгайн” хэрэг өндрөө авч олон нийт төв талбай дээр өдөр өнжихгүй жагсаж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэр дундаа сүүлийн хоёр жил таны автораар уул уурхайн шинэчлэл эрчимтэй яригдсан. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?  

-Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал гэв гэнэт гарч ирээгүй. Олон жил хуримтлагдаж ирснийг олон нийтэд ил болсон мэдээллээс харж болно. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаагаа засч сайжруулаад явахын тулд тогтолцооны томоохон шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатай. Ингэж байж уул уурхайн салбарыг зөв голдиролд нь оруулж, олон улсын жишигт нийцүүлэх боломж бүрдэнэ.

Тогтолцооны шинэчлэл хийх асуудал өнөөдөр нийгэмд бухимдал үүсгээд байгаа нүүрсний асуудалтай холбоотойгоор яригдаж байгаа ч юм биш л дээ. Шинэ сэргэлтийн бодлогод Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд саналаа тодорхойлж хүргүүлсэн. Энэ хүрээнд цогц шинэчлэл хийх боломж бүрдсэн. Одоо бол “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсээ зарж байгаа үнэ Хятадын зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний ханшийн хооронд том зөрүү бий. Хамгийн сүүлийн үнийг харвал, уурхайн ам нөхцлийн үнэ 110 ам.доллараар зарагдаж байхад цаана гараад Хятадын талын нөөц зардлаа хасаад 190 орчим ам.доллар байх жишээтэй. Үүнээс болж боломжит орлогоо алдаж байна. Хоёрдугаарт, 10 мянга гаруй тээврийн компани  уртын болон богинын тээвэрлэлт хийж байгаа ба төр өөрөө үүнийг хийхгүй байгаа учраас алдагдал, дундын зуучлагчид орж ирэх орон зай тэр чигтээ нээгдэж байна. Мөн нүүрсний борлуулалтыг хэн хийгээд байна вэ, гэрээнүүд ил тод биш, процесс яаж явж байгаа, Үнэлгээний комисс нэрээр хэдхэн хүн шийдэж байгаа гээд асуудал их бий.

Тиймээс цаашид энэ бүхнийг цэгцлэх шийдэл нь хэн нэгнээс хамааралгүйгээр ил тод нээлттэй явуулах буюу биржээр арилжаалах ёстой. Уул уурхайн салбарын шинэчлэлийн хүрээнд хийсэн нэг ажил бол хайгуулын тусгай зөвшөөрлийг бүрэн цахим болгосны үр дүнд сонгон шалгаруулалт, тусгай зөвшөөрөл цахимаар явагдаж байна.

 

Эх сурвалж: polit.mn