БНХАУ-ын тал өвлийн олимп дуусах хүртэл нүүрс тээврийн тоог нэмэгдүүлэх боломжгүй гэх байр суурь илэрхийлжээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ болон албаны хүмүүс өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцонгоо БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ хүрээнд хилийн боомтууд дээр үүсээд байгаа асуудлуудыг түлхүү ярилцсан байна. 10 гаруй жил үргэлжилсэн Гашуун сухайт, Ганц мод боомтыг төмөр замаар холбох, хилийн шугам дайрах цэгийг эцэслэх гээд томоохон шийдвэрүүдийг эцэслэсэн. Харин одоогоор хилээр гарч байгаа нүүрс тээврийг олимп үргэлжлэх хугацаанд нэмэгдүүлэх боломжгүйг Хятадын талаас мэдэгджээ. Цаашид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бага багаар нэмэгдүүлэхээр тохирсон байна.

Манай улс энэ онд олох улсын төсвийнхөө орлогын дийлэнх хувийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос төвлөрүүлнэ гэж тооцсон. Тэр дундаа БНХАУ руу гаргадаг нүүрсний экспортоос нэлээд хэмжээний орлого олно гэх өндөр хүлээлттэй төсөв баталсан юм. Гэвч урд хөрш өвлийн олимп зохион байгуулахтай холбоотой манай улсаас экспортлох нүүрсний хэмжээ хангалтгүй байгаа. Ерөнхий сайдын айлчлалын баг урд хөршид ажиллах үеэр өвлийн олимп дуусах хүртэл нүүрсний гарцыг нэмэгдүүлэх боломж байхгүйг Хятадын талаас илэрхийлжээ.

Засгийн газрын тэргүүн урд хөршид хийсэн айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцож, боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд ачаа тээврийн терминалыг ямар байдлаар талууд байгуулах асуудлуудыг түлхүү хэлэлцжээ. Мөн манай улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх таван томоохон төслийг танилцуулсан байна. 

БНХАУ-ын талаас төслүүдийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлснийг онцоллоо. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах захын дүүргүүдийг тойргоор холбох 71 км хурдны зам тавих төслийг танилцуулжээ. Үүнээс гадна нийтийн тээвэрт томоохон шинэчлэл болох төслийг танилцуулж Хятадын тал хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.