Бүх шатны сургалтын байгууллага ирэх Даваа гарагаас танхимаар хичээллэнэ 

Засгийн газар

Ирэх Даваа гарагаас буюу 2-р сарын 14-ний өдрөөс бүх ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сургалтыг 100 хувь танхимаар эхлүүлэх шийдвэрийг өнөөдөр ЗГ гаргалаа. Мөн цахимаар хичээл нь явж байгаа их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалтыг мөн 2-р сарын 14-нөөс танхимд шилжүүлэхээр боллоо. Харин гурван настнууд цэцэрлэгт хамрагдаж эхлэх бол хоёр настнуудыг хараахан хамруулах боломжгүй гэж салбар хариуцсан сайд засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 

Ковид-19 халдварын Омикрон хувилбарын давлагаа дэлхий нийтээр ойрын нэг сарын дотор намжина гэж олон улсын эрдэмтэд тооцоолсон. Манай улсад ч тэр халдварын тохиолдол багасч эхэлсэн нь Омикрон хувилбарын давлагаа намжмал байдалд орж байгааг харуулж байна гэж Эрүүл мэндийн яам , Улсын онцгой комисс үзэж байгаа юм. Тиймээс энэ сарын 28-ны өдөр эхлэх байсан танхимын сургалтыг 14 хоногоор наашлуулж ирэх Даваа гарагт буюу 2-р сарын 14-нөөс 100 хувь эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэдийгээр Омикрон хувилбарын давлагаа намжиж эхэлсэн ч дэд хувилбар болох Омикрон ВА-2 мутаци дэлхийн олон оронд эрчимтэй тархаж байгаа. Энэ нь анхны хувилбараас халдварлах чадвар 1.5 дахин ихээс гадна Омикроноор өвдсөн иргэд дахин өвдөх нь их байгааг хэлж байна. Тиймээс удаан хугацааны дараа 100 хувь эхэлж байгаа танхимын сургалтыг хэвийн явуулахын тулд иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

Шинэ улирлаас гурван настнууд цэцэрлэгт хамрагдах бол хоёр настнуудыг хамруулах шийдвэр гараагүй байна 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд ирэх Даваа гарагаас 100 хувь танхимаар хичээллэнэ. Энэ жилийн тухайд 2 болон 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь халдварын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлнэ гэж үзэж байсан. Харин шинэ улирлаас гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах бол хоёр настнуудыг авахгүй байхаар шийдвэрлээд байна. 

ШУУД ҮЗЭХ