Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх талаар судална

Засгийн газар

Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал боллоо.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга, Б.Одсүрэн, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Ж.Болд, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, мөн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын үеэр Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тухайлбал:

  • Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах;
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах;
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох;
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах;
  • Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох;
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх;
  • Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох;
  • Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох;
  • Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах;
  • Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах;
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах;
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах;
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох;
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах;
  • Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох;
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах;
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох;
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах;
  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах;
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх;

  Мөн хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх, боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв. 

Түүнчлэн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.