Ховдын Булганы боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломж бүрдлээ

Засгийн газар

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад  ажиллаж байна. Өчигдөр тэрээр Ховд аймагт ажиллалаа.

Тус аймагт коронавируст халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж, дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгааг Шадар сайдад дуулгалаа. 

Мөн Ховд аймгийн Булган сумын Булган хилийн боомтоор баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгасан юм.  Энэ асуудлыг шадар сайд газар дээр шийдвэрлэлээ.

Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа  орон нутгийн удирдлагууд уламжиллаа. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. 

“Цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа.Ялангуяа Баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой”

хэмээн онцоллоо.

Шадар сайд С.Амарсайхан албан томилолтынхоо хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой салбарын тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.