Манай улс виз олгох журмаа шинэчилж 64 ангиллын виз олгохоор боллоо 

Засгийн газар

Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн болон  шашны түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн  64 ангиллын виз олгохоор боллоо.

Мөн  соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллыг нэмсэн байна. Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэж байна.

Түүнчлэн виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдлөө.

Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин ,соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо.