Ч.ӨНӨРБАЯР: Гадны гар хөл болсон хүмүүсийг яаралтай олж илрүүлэн зарлах ёстой

Улс төр

Нэр бүхий этгээдүүд буу зэвсэг ашиглан улстөрчдийн амь насанд халдахаар төлөвлөж байсан энэ үйлдэл бол цэвэр гадныхны нөлөөтэй гэж Ардчилсан нам үзэж байна. Тагнуулын байгууллагаас энэ хэрэгт холбогдуулан барвчилсан, өмгөөлөгч Баасанцогтыг ч гадны гар хөл хэмээн харж байгаагаа сөрөг хүчнийхэн мэдэгдлээ.

Өмгөөлөгч Баасанцогтын ажлын комьютер дотроос Монголын хуулийн байгууллагыг яаж ажиллуулах бүхэл бүтэн схем олдсон гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэллээ. Тэнд хэн хэнийг хэзээ, хаана яаж яллах нь хүртэл байсан. Яг тэр схемийн дагуу Ганболд, Баяр, Бат-Үүл гээд олон хүнийг барьж хорьсныг бүгд мэднэ. Гэтэл өнөөдөр Баасанцогт гэх өмгөөлөгч зэр зэвсэг бэлтгэсэн байсныг Монголын тагнуулын байгууллага олж илрүүллээ. Энэ бүхнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаагаа Ардчилсан намын удирдлагууд мэдэгдлээ.   

Манай улсад олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэн хүний амь нас хохироож байсан гашуун түүх бий. Хэрвээ энэ бүх үйл явдлын ард гадныхан байгаа бол жагсаал цуглааныг овжин ашиглана. Тийм учраас одоогийн эрх баригч нам иймэрхүү гадны нөлөөтэй байж болзошгүй хүмүүсийг яаралтай олж илрүүлэн ард түмэнд мэдээлэл сайтар хүргэхийг санууллаа. Мөн үзэл бодлын зөрүүтэй ч улс орны төлөө ажиллаж байгаа улс төрчдийнхөө амь насыг хамгаалах ёстойг онцоллоо. 

Монголд улстөрийн намууд үзэл баримтлалаараа маргалддаг ч хэзээ ч буу шийдэм, дайн тулааныг хүсдэггүй гэж намын удирдлагууд хэлж байна. Харин ийм үйлдэл рүү түлхэж байгаа нь парламент засаглалыг дордуулах гэсэн гадныхны нөлөө байж мэднэ. Ардчилсан намын хувьд парламент засаглалаа хамгаалж, парламент ёсоо хадгалах хатуу байр суурьтай гэдгээ ч илэрхийллээ.