5 тонн шахмал түлш ачиж явсан тээврийн хэрэгсэл осолдож дөрвөн хүн гэмтжээ

Эрх зүй

Өнөөдөр өдөр 5 тонн шахмал түлш ачиж явсан тээврийн хэрэгсэл осол гаргаж 4 хүн гэмтлээ. Ачааны автомашин осол гаргахдаа урд байсан суудлын тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаан дээр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тээврийн хэрэгслийн тормос ажиллагаагүй болсон гэж байна. Мөн өчигдөр хүүхэд сууж байсан тээврийн хэрэгслийг ачсан хэрэг гарсан. Тус ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ.

Өнөөдөр 11 цагийн орчид БГД-ийн 5 хорооны нутаг дэвсгэрт Зурагтын замд зорчиж явсан Маяти маркийн автомашин осолдсон. Тухайн тээврийн хэрэгслийн хувьд таван тонн сайжруулсан шахмал түлш ачиж явсан байна. Осол гаргах үедээ өмнөө байсан хоёр суудлын автомашиныг мөргөжээ. 

ЗОРЧИГЧТОЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АЧСАН АЧИЛТЫН КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ 

Жолооч нар анхаарал болгоомжгүй байдлаас, мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь осол гарах шалтгаан болж байгааг албаныхан анхааруулж байна. Мөн энэ сарын 18-ны өдөр зорчигчтой байсан тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлсэн асуудал гарсан. Тухайн тээврийн хэрэгсэлд бага насны хүүхэд байсан ч ачиж шилжүүлсэн асуудлыг ТЦА-наас Нийслэлийн авто замын газарт үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх саналтайгаар албан бичиг хүргүүлжээ.  

Ачиж тээвэрлэх журамд тухайн тээврийн хэрэгслийг гурван удаа зарлан мэдээлэх, тал бүрээс нь зураг бичлэг хийж, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, дотроо зорчигч, эсвэл амьтан байгаа эсэхийг нягтлах зэргийг тусгасан байдаг. Гэхдээ ачилтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд журманд тусгагдсан заалтуудаа зөрчиж байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.